Tuesday, January 20, 2009
Амарбаясгалант хийд байгуулагдсан түүх
Амарбаясгалант хийд байгуулагдсан түүх
Өндөр гэгээн Занабазар Төвдийн Лхас хотод ном үзэж байхад нь нэгэн өдөр Ванчин-Эрдэнэ богд уулзаад:
Таны ном эрдэм хангалттай болжээ. Ийм их эрдэмтэй болсон хүн энд цаг барж суухын оронд нутагтаа очиж ном номлол бурханы ёсыг дэлгэрүүлбэл хүн амьтанд илүү их тус болно доо гэж зөвлөснөөр тэр нутаг буцахаар шийдэж энэ тухайгаа далай ламд айлтгажээ. Далай лам түүнд сайны ерөөл уншаад их хэмжээний бурхан судар бурхан шүтээний хэрэглэлүүд бэлэглэжээ. Их баярлаж сэтгэл нь догдолсон Өндөр гэгээний оюунд Халхын хойморт өндөр уулын өвөрт цэнгэн голын дэнжид нэгэн сайхан хийдийг шинээр байгуулах санаа гарсан нь Амарбаясгалант хийд байжээ. Тэгтэл дараахан нь Манжийн хаан Энх-Амгалан Өндөр гэгээнийг урьж уулзаад үгийнхээ төгсгөлд Ар Монголд хааны сангаас нэгэн сайхан хийд байгуулж өгөхөөр амлажээ. Түүнээс 3 жилийн дараа Их Хүрээ, Ивэн голын эхнээс нүүлгэж Угтаалжаргалантад шилжүүлэхэд түүний буурин дээр хаан урьд амласнаа хэрэгжүүлэхээр шинэ хийдийн суурь тавиулж тэнд хийд байгуулах зарлиг гаргажээ. Амарбаясгалант хийдийн түүх ингэж эхэлжээ. Энэ бол 1975 он бөлгөө. Ийнхүү Амарбаясгалант хийд нь Манжийн хааны зарлигаар Өндөргэгээний нэрээр байгуулагдсан тул түүхэнд “Өндөр гэгээний хийд” гэж нэрлэгджээ. 1727 оны зун Амарбаясгалант хийдийг байгуулан ажлыг эхлүүлжээ. Ингээд Амарбаясгалант хийдийг байгуулах ажил их нухацтай уужуу тайван хийгдэж дөрвөн үе шаттайгаар 1727 оноос 1887 оныг хүртэл 160жил үргэлжилжээ. 1736 онд хийдийн байгуулалтын эхний үе дуусахад Цогчин дугана нээгдэж хийдийн нэрийг албан ёсоор өгч “Дигасирлан” буюу монголоор “Амарбаясгалантай” гэж нэрлэж Далай ламын багш Ванчин богдын бие төлөөлөгч их хүрээнээс Агваанжамба тэргүүтэй ихэс лам нар ирж аравнайлжээ. Ийм их хөл болж байгуулагдсан сүр дуулиантай нээгдсэн хийд Монголд өөр хаана ч байхгүй.
Цогчин/ Цог-Чину их чуулган/ дуган нээгдсэнээр 2 жилийн дараа 1738 оны 3-р сарын эцсээс урь унамагц хийдийн барилга байгууламжийн ажил үргэлжилж 100 гаруй хүнийг шинээр нэмж Зуугийн, Манал, Аюуш, Лүнхха, Лабрин, Махранз, Жин хонхны, Жин хэнгэрэгний, Бичигт хөшөөний 2 сүм, тамгийн сүм, дотоод Шар ордыг барьж дуусгажээ.
Ажил 20 гаруй жил завсарлаад 1763 оноос 1780 онд хийд байгуулалтын гурав дахь өргөтгөл хийгджээ. Энэ онуудад баруун, зүүн Цанидын дуган Өндөр гэгээний шарилын сүм дотоод хэрмийг барьж дуусгасан байна. ӨндӨр гэгээний шарилыг 1723 оноос Дамбадаржаалин хийдэд шилжүүлэн залжээ. Энэ оноос эхлэн Амарбаясгалантыг Өндөргэгээний хийд гэж нэг хэсэг нэрлэж байсан ажээ. 1815 онд дөрөвдүгээр богд Жавзандамба хутагт Лувсандондоваанчигийн шарилын сүмийг Өндөр гэгээний сүмтэй ижилсүүлэн барьжээ. Үүгээр өргөтгөн цогцлуулах ажлын дөрөв дэхь үе эхэлжээ.
1847 онд Эргэдэг Майдарын сүм, Хажидын сүмийг дотоод хэрмийн гадна барьж, Арван хангалын дуганыг барьж дуусгасан байна. Дээрх дуган сүмүүдийг барих, тоноглож чимэглэн төвхнүүлэх ажлыг 1880-аад оны эцсээр бүрэн дуусгаснаар Амарбаясгалант хийдийг байгуулсан 160-аад жилийн ажил төгсжээ. Амарбаясгалант хийдийг барьж байгуулах ид ажлын өрнөлтийн үед таван хэлний 500-аад хүн ажиллаж байсан ажээ. Иинхүү бурханы орон, буяны өргөө Амарбаясгалант хийд Манж чин улсын их хааны ивээлээр Монгол урчуудын ур ухаан, хүч зүтгэлээр боссон байна.Амарбаясгалант хийдбүрэн бүтэн байх үедээ Сангай, Зоогой, шүтээний, Чойнхор, Пунцаглин,Дэжидлэн гэсэн зургаан аймагтай, гурван их дацан, найман бага дацантай, Цэдэрлхам, Гаанжуур хурж, Майдар эргэдэг, бүрэн их цам гаргадаг Монголын гурван их том хийдийн нэгэн байжээ.
Амарбаясгалант хийдэд Нэгдүгээр богд, Дөрөвдүгээр богд, Наймдугаар богдууд удаа дараа заларч байжээ.
Амарбаясгалант хийдийг байгуулсан гол зорилго бол тэр үед цаг, төр ихээхэн хямарч, ард олны сэтгэл санаа дээр дооргүй хямарч байсан цаг тул бурхны сургаалыг хүчтэй дэлгэрүүлж аль болохоор олон түмэнд итгэл үнэмшил бий болгох, ингэснээр тэмцэл хямралыг зогсоож, амар амгалан байлгах гэсэн улс төрийн зорилготой юм.
Олны дотор ор дамжин яригддаг домогт: Энэ хийдийг барихаар, газар шинжээчид анх ирэхэд тэнд Амар, Баясгалан гэдэг хоёр хүүхэд хонь хариулж байж гэнэ. Ингээд энэ хийдийг тэр хоёр хүүхдийн нэрээр Амарбаясгалант гэж нэрлэсэн нь худлаа бөгөөд нутгийн ард түмний уран сэтгэмжийн зохиомж юм.
Амарбаясгалант хийд Манжийн хааны зарлигаар байгуулагдаж, эхний хөрөнгийг Манжийн хааны сангаас 100 мянган лан мөнгө гаргасан нь түүхэн үнэн боловч, түшээт хан, хошуу ноёд, эхний таван богд, нутгийн ардуудын оруулсан хувь нэмэр асар их юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment